Шинийн 8-ны өдөр буян хийхийн учир

2026-01-26 08:301min
20260126-083032-file.jpeg
Шинийн 8-ны өдөр тамын хаалга хаалттай бөгөөд Дарь Эх, Манал бурхад замбутивд залардаг онцгой өдөр юм. Энэ өдөр хийсэн буян, үйлсийн үр нөлөө ихэсдэг тул буян хийх нь амгалангийн эх сурвалж болдог.

Сар бүрийн шинийн 8-ны өдөр тамын хаалга хаалттай байдаг бөгөөд энэ өдөр Дарь Эх, Манал бурхад замбутивд залардаг онцгой өдөр юм. Иймээс энэ өдөр хийсэн аливаа үйл, буян, нүгэл асар их үр нөлөөтэй байдаг. Хүн болон бусад амьтад бүгд амгаланг хүсдэг бөгөөд амгалангийн эх сурвалж нь буянд оршино.

Буян гэдэг нь энгийнээр хэлбэл үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг хэлдэг. Хүн сайхан зүйл бодсоноор баяр баясгалан, сэтгэл ханамжтай болдог. Ямар нэгэн зүйлээс сайхан чанарыг олж харах нь гэрэл гэгээ, баяр баясгаланг авчирдаг. Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйл ажиллагааг мэдэх шаардлагатай.

Эдгээрээс хамгийн хурдан үр дүн үзүүлдэг нь сэтгэлийн үйл бөгөөд хүн ямар нэгэн зүйлийг хараад гоё эсвэл муухай гэж бодох нь сэтгэлийн үйлд тооцогдоно. Сэтгэл нь хийсвэр боловч эцэстээ материаллаг хэлбэрээр илэрдэг. Монголчууд “Ухаан хүрсэн газар хөл хүрнэ” гэж хэлдэг нь сэтгэлийн үйлсийн ач холбогдлыг илэрхийлнэ.

Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж, хэлээрээ хийсэн үйл нь биеэр гүйцэтгэгддэг тул бие, хэл, сэтгэлийн үйл ажиллагаа салшгүй холбоотой байдаг. Иймээс сэтгэлдээ сайхан зүйл бодож, үүнийг бие, хэлээрээ илэрхийлэх хэрэгтэй.

Үйлийн үрийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Бурхан багшийн номлосон “Үлгэрийн далай” номыг уншихыг зөвлөж байна. Энэ ном нь үйлийн үрийг барагдуулах ном гэж багш нар нэрлэдэг бөгөөд криллээр хэвлэгдсэн байдаг. Бурханы шашны гол онцлог нь үйлийн үрийн номлол бөгөөд үйлийн үрээ хянаж чадвал амар амгалангийн үрийг олж чадна.