Нийт нутгийн 87 хувьд цас бүрхүүл тогтжээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргадаг арав хоног тутмын хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 87 хувь нь цастай байна.
Цасны зузаан хамгийн их байгаа сумдын дунд Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаат багтдаг бөгөөд эдгээр сумдад цасны зузаан 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх арав хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар хүйтэрч, хамгийн хүйтэн температур Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Увсын Зүүнговь, Тэс, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дархан-Уулын Орхон, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянхонгорын Гурванбулаг сумдад -47…-52 градус хүрсэн байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн бол Ховдын Ховд, Чандмань, Өмнөговийн Булганд 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
