Чингис хаан нисэх буудлын Эрэлч нохой сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй зөвлөлийн гишүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохой сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
1993 онд байгуулагдсан тус сургалтын төвд нийт 53 эрэлч нохой байдаг бөгөөд тэдгээрээс зургаан нохой нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх чиглэлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллаж байна.
Эрэлч нохой сургалтын төвийн дарга Б.Наранбадрахын мэдээлснээр, Милануа, Немц обчарка, Лабрадор ретривер үүлдрийн нохдуудыг зорчигчийн тээшийг үнэрлэх, хориотой бараа, бодисыг илрүүлэх пассив чиглэлээр сургадаг байна. Эрэлч нохдын үнэрлэх чадвар өндөр бөгөөд агаарын хил дээр илэрсэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын 30-40 хувийг илрүүлдэг.
Өндөр хөгжилтэй орнууд агаарын хил дээр үнэрийн аппарат ашигладаг ч эрэлч нохой шиг үр дүнтэй арга одоогоор байхгүй гэж тэрээр онцлов. Манай хил дээр ажиллаж буй Малинуа үүлдрийн нохой 7000 төрлийн үнэрийг ялгаж, хүний үнэрлэх чадвараас нэг сая дахин илүү үнэрлэх чадвартай юм.
Эрэлч нохдын дундаж наслалт 12 жил бөгөөд идэвхтэй ажиллах хугацаа нь ойролцоогоор 8 жил байна. Олон улсын нислэгийн тоо тогтмол нэмэгдэж байгаа тул гаалийн хяналт шалгалтыг 24 цаг тасралтгүй явуулахад эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.
Мөн эрэлч нохойн нөхөн хангалтыг сайжруулах зорилгоор үржлийн хөтөлбөрт хамруулах шаардлагатайг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Г.Баасандорж онцоллоо. Зорчигч болон ачаа барааг хоёр нохой ашиглан шалгаснаар гаалийн хяналт шалгалтын хурд, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.
