Дулааны IV цахилгаан станцын гэмтэл ба Эрчим хүчний сайдын тайлбар

2026-01-24 10:001min
20260124-100042-file.jpeg
Дулааны IV цахилгаан станцын гэмтлийн улмаас нийслэлд цахилгаан хязгаарлалт үргэлжилж байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгч, үүссэн нөхцөл байдлыг тайлбарлав.

2026 оны 1 дүгээр сарын 20-ны Мягмар гарагт Дулааны IV цахилгаан станцын зууханд гэмтэл гарснаас үүдэн нийслэл Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчний хязгаарлалт 1-2 цагийн хугацаатай дөрөв хоног үргэлжилж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2026 оны 1 дүгээр сарын 23-нд тус станцын үйл ажиллагаатай танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд сайд Б.Чойжилсүрэнийг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэнтэй холбогдуулан сайд тайлбар хийсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Ө.Шижирийг залуу, цөөнхийн гишүүн гэдгийг онцлон, иргэдийн бухимдалтай холбоотой ийм боломжийг сөрөг хүчний гишүүн ашиглах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн өөрөө сөрөг хүчин байхдаа эрх баригчдыг шүүмжилдэг байсан гэдгээ дурдав.

Сайд Б.Чойжилсүрэн 2022 оны наймдугаар сарын 30-наас хойш Эрчим хүчний яамыг удирдаж байгаа бөгөөд энэ хугацаанд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 600 орчим мегаваттын хүчин чадалтай эх үүсвэрийг нэмсэн тухай мэдээлэв. Тухайлбал, Бөөрөлжүүт цахилгаан станцын 300 мВт, Дорнодын цахилгаан станцын 50 мВт, Сонгино дэд станц дээр 80 мВт-ын батарей хуримтлуур, нийслэлийн захиалгаар Багануурт 50 мВт-ын батарей хуримтлуур, Дорноговьд хувийн компани 30 мВт-ын батарей хуримтлуурыг ашиглалтад оруулсан байна.

Мөн 2026 оны нэгдүгээр улиралд Сэлэнгэ аймагт 70 мВт-ын цахилгаан станцыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох ажил дуусах гэж байгааг онцлов. Ийнхүү хүчин чадал 50 орчим хувиар нэмэгдсэн ч сайд өөрийгөө магтах зорилго тавиагүй гэдгээ хэлэв.

Цаашид Төв аймгийн Баян суманд гадаадын хөрөнгө оруулалттай 660 мВт-ын дулааны цахилгаан станц баригдаж байгаа бөгөөд 2027 оны эхний хагаст 330 мВт-ын эхний блок, хоёрдугаар хагаст хоёр дахь блок ашиглалтад орох төлөвтэй байна. Мөн 2026 оны эхний хагаст Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хажууд 660 мВт-ын цахилгаан станц баригдаж эхлэх бөгөөд 2028 оны төгсгөлд төвийн нэгдсэн сүлжээнд холбогдох юм.

Сайд Б.Чойжилсүрэн 2027 оны наадмаас хойш цахилгаан эрчим хүчний чадлын дутагдал багасч, хэрэглээний өсөлтийг эх үүсвэрийн өсөлт давах төлөвтэй байгааг мэдээлэв. Дулааны салбарт 2022 оноос Амгалан дулааны станцын өргөтгөлийг хийсэн бөгөөд Дулааны V станцын тендер зарлагдаж ойрын хугацаанд ажил эхлэх гэж байна. Мөн Амгалан дулааны станцын ойролцоо 2.7 га газар хувийн хэвшил эзэмшиж байгаа бөгөөд нөхөн олговор өгч газрыг авах боломж гарвал станцыг 400 Гкал-аар өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэллээ.