Баянзүрх дүүргийн 207 дугаар байрны шинэ барилгын тендер зарлагдлаа

2026-01-23 21:011min
20260123-210138-file.jpeg
2024 оны нэгдүгээр сард гарсан ослын улмаас нураасан Баянзүрх дүүргийн 207 дугаар байрны шинэ барилгын тендер зарлагдаж, дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой боллоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд 2024 оны нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж осол гарсан байна. Ослын улмаас дэлбэрэлт болж, олон хүн гэмтэж, харамсалтай нь амь үрэгдсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас 207 дугаар байр галд өртөж, хүн амьдрах боломжгүй болсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг байрыг дахин засварлахгүй нурааж, шинээр барихаар шийдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард байрыг бүрэн нураасан юм.

2024 оны энэ сарын 19-ний өдөр 207 дугаар байрыг шинээр барих тендер зарлагдсан бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцох боломжтой юм. Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Уг орон сууц нь 63 өрхөд зориулсан бөгөөд хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, байрыг шинээр барих төсөвт өртөг нь 2.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөн байна.