Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн иргэдэд урамшуулал олгох журам хэрэгжиж эхэллээ

2026-01-23 14:301min
20260123-143041-file.jpeg
2025 оны 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн урамшууллын журмын дагуу 2025 оны сүүлчээр 126,769 зөрчил баталгаажиж, 143 сая гаруй төгрөгийн урамшуулал олгохоор тооцжээ. 2026 оны 1 дүгээр улиралд 9,112 иргэнд урамшуулал олгох төлөвлөгөөтэй байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулж болохыг заасан байна. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоол батлагдаж, зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 126,769 зөрчил баталгаажиж, үүнээс 62,886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна. Үүний дагуу нийт 143,704,400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцжээ.

2026 оны 1 дүгээр улиралд нийт 9,112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан байна.

Урамшуулал авах эрхтэй иргэдээс 5,519 нь 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон бол 3,593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна. IBAN дансаа холбоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.