Ирэх сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх улирлын агаарын температурын ерөнхий төлөвийг танилцууллаа. Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна. Дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджаар байх хүлээлттэй байна.
Хур тунадасны хувьд хоёрдугаар болон дөрөвдүгээр сард дунджаар, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.
Цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл улирлын эхэнд тохиолдох тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаа, өвс тэжээлийн нөөцөө зохицуулах, мал төллүүлэх хашаа хороогоо бэлтгэх, цаг агаарын мэдээг тогтмол хянахыг зөвлөж байна.
Тодруулбал, хоёрдугаар сард Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаар, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй. Гуравдугаар сард Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр дулаан, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна. Дөрөвдүгээр сард нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаар байх юм.
Хур тунадасны хувьд хоёрдугаар сард нийт нутгаар дунджаар, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджаар орох төлөвтэй гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
