Монгол Улсын Засгийн газрын удирдлагууд Зам, тээврийн салбарын төслүүдийн явцыг хэлэлцэв

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Зам, тээврийн яамны удирдлагуудтай уулзаж, салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц, тулгамдаж буй асуудал болон цаашдын бодлогын талаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын ачаа тээвэр 2025 онд 48 сая тоннд хүрсэн бөгөөд 2026 онд 55 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа. Мөн 2026 онд төмөр замаар хоёр сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бол агаарын тээврийн зорчигчдын тоог 2.7 саяд хүргэхээр зорьж байгааг мэдээлэв.
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 9.5 хувьтай үргэлжилж байна. Уг төслийг 2027 онд ашиглалтад оруулснаар жилд 30 сая тонн экспортын ачаа тээвэрлэх боломжтой болно. Харин Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг онцлов.
Замын-Үүд-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдсан бөгөөд тус чиглэлээр Монгол Улсын импортын нийт ачааны 74 хувийг тээвэрлэдэг ч авто замын даац, ачаалал хэтэрч, ашиглалтын хүндрэл үүсээд байгааг тэмдэглэв.
Цогтцэций, Ханбогд сумаас Манлай сум, Дундговь аймгийн Өлзийт сум, Мандалговь сум хүртэлх автозамын төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатайг мөн хэлэв.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал жилд 1.6 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай ашиглалтад орсон ч зорчигчдын тоо 2025 онд 2.4 саяд хүрсэн тул буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарууд өнөөгийн хүчин чадлынхаа дээд хэмжээнд хүрсэн болохыг онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатайг дурдав.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдийг дэмжин, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад Эдийн засаг, хөгжлийн яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Мөн улс төрийн шинж чанартай, эдийн засгийн өгөөж багатай төслүүдээс татгалзаж, бодит үр ашигтай төслүүдийг шуурхай эхлүүлж, хугацаанд нь дуусгах шаардлагатайг онцлов.
