Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйртэй уулзаж хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэлхийн өөрчлөлтийн төлөөх Тони Блэйр хүрээлэн”-г үүсгэн байгуулагч, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзаж, ярилцлаа.
Уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэрбээр эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун, технологийг бодит, системтэйгээр хэрэглэхээр ажиллаж байгаагаа хэлэв.
Мөн Тони Блэйрийн хүрээлэнтэй стратегийн түвшинд олон нийттэй харилцах чиглэлээр хамтран ажиллах, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагааны боломжийг судлахаар тохиролцов.
Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйрийг энэ оны зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форум болон наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг урив.
