Тэтгэвэрт гарсан иргэдийг зориуд онцолсон цахим залилангийн талаар сэрэмжлүүлэг

Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг зориуд онцолсон цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа.
Цахим орчинд “Хэрэв та тэтгэвэртээ гарсан бөгөөд Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол ‘OK’ гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл тарааж, иргэдийг залилан мэхэлж байна.
Уг зарын дагуу “OK” гэж хариулсан иргэдээс овог, нэр, утасны дугаар, банкны хувийн мэдээллийг авч, дараа нь өөр төхөөрөмжөөс тухайн иргэний банкны аппликейшнд нэвтрэх оролдлого хийдэг байна. Энэ үед баталгаажуулах 6 оронтой кодыг худал хэлж авснаар банкны данс руу хууль бусаар нэвтэрч, тухайн иргэний нэр дээрх зээлийг авч мөнгийг өөрийн данс руу шилжүүлдэг залилангийн гэмт хэрэг гарчээ.
Иймд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна:
– Баталгаажуулах 6 оронтой кодыг хэнд ч хэлэхгүй байх
– “Мөнгө, зээл олгоно” гэх цахим зар, мессежид итгэхгүй байх
– Банк болон төрийн байгууллага утсаар болон чатаар нууц код асуухгүйг анхаарах
– Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай Цагдаагийн байгууллага болон банканд хандахыг зөвлөж байна.
