Японы шүүх Шинзо Абегийн аллагад буруутай Ямагамид бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-22 16:021min
20260122-160234-file.jpeg
Японы Нара мужийн шүүх 2022 онд Ерөнхий сайд асан Шинзо Абегийн аллагад буруутай Тэцүя Ямагамид бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүх Ямагамиг урьдчилан төлөвлөсөн аллага үйлдсэн гэж тогтоосон бөгөөд өмгөөлөгчдийн 20 жилийн ял оноох хүсэлтийг хүлээн аваагүй юм.

Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн хэрэгт Тэцүя Ямагамиг буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноолоо.

Шүүхийн шийдвэрээр Ямагами урьдчилан төлөвлөсөн аллага үйлдсэн бөгөөд галт зэвсгийн хяналтын хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Түүний өмгөөлөгчид 20 жилийн хорих ял оноох хүсэлт гаргасан ч шүүх уг саналыг хүлээн аваагүй юм.

Өмгөөлөгчдийн мэдээлснээр, Ямагами гэмт хэрэг үйлдэх үедээ гэр бүлийн нөхцөл байдлын улмаас сэтгэлзүйн дарамтанд байсан гэжээ. Түүний эх нь “Нэгдлийн сүм” хэмээх шашны байгууллагад үнэнчээр дагаж, их хэмжээний хөрөнгө хандивласнаас гэр бүл нь санхүүгийн хүндрэлд орсон гэж тайлбарласан байна.

Хэрэг 2022 оны долоодугаар сард Японы Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Нара хотод болсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр гудамжинд үг хэлж байсан Ерөнхий сайд асан Шинзо Абэг Ямагами ар нуруунаас нь буудсан байна. Хэргийг хамгаалагчид нь газар дээр нь саатуулж, баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад Ямагами Ерөнхий сайд асныг “Нэгдлийн сүм”-тэй холбоотой гэж үзэж, онилон халдсан гэж мэдүүлсэн бөгөөд тус шашны байгууллагыг гэр бүлийн санхүүгийн хямралд хүргэсэн гол шалтгаан гэж буруутгасан байна.