Бага насны хүүхдүүдийн эм, аминдэмийн хордлого нэмэгдэж байна

2026-01-22 07:001min
20260122-070056-file.jpeg
ЭХЭМҮТ-ийн мэдээлснээр бага насны хүүхдүүд гэрийн орчинд эм, аминдэмийг санамсаргүй их хэмжээгээр хэрэглэснээс хордлогын тохиолдол нэмэгдэж байна. Эцэг, эхчүүдэд аюулгүй хадгалалт, анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд, ялангуяа бага насны хүүхдүүд янз бүрийн эм, аминдэм санамсаргүйгээр их хэмжээгээр ууж, хордсон тохиолдол нэмэгдэж байгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) мэдээллээ.

ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг 2020-2025 онд цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн дүн шинжилгээ хийхэд 67 хувь нь янз бүрийн эмэнд хордсон байжээ. Үлдсэн хэсэг нь угаарын хий болон химийн бодисын хордлогоор өвчилсөн байна.

Насны хувьд нийт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 55.8 хувь нь тав хүртэлх насныхан бөгөөд үүний 34.1 хувь нь 1-2 насны нялх хүүхдүүд байна. Эмэнд хордсон гол шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай холбоотой гэж үзжээ.

Хордлого ихэвчлэн гэрийн орчинд тохиолдож байгаа нь хамгийн ноцтой үзүүлэлт гэж ЭХЭМҮТ анхаарууллаа. Хүүхдүүд Д аминдэм болон өвөө, эмээ нарын тогтмол хэрэглэдэг даралт, зүрх судасны эм, өвчин намдаах, тайвшруулах болон бусад өргөн хэрэглээний эмийг хоол, чихэртэй андуурч нэг дор их хэмжээгээр хэрэглэснээс хордлого үүсдэг байна.

Иймд эмч нар эцэг, эхчүүдэд гэрийн орчны аюулгүй байдлыг тогтмол хангаж, эм, химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нүднээс далд, цоожтой, өндөр газар хадгалахыг зөвлөж байна. Мөн аливаа аминдэмийг хүүхдэд дур мэдэн өгөхгүй байхыг анхаарууллаа.