Монголд хавдрын шинэ дэвшилтэт эмийг албан ёсоор нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Швейцарийн “Roche” компани хамтран хавдрын эмчилгээний шинэ дэвшилтэт эм, тариаг Монгол Улсад нэвтрүүлж, 2025 оны 1 дүгээр сарын 21-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын ахлах шинжээч Ш.Энхтуяа хэлэхдээ, хамтын ажиллагаа 2018 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсад хавдрын өвчлөл өндөр байгаа энэ үед шинэ эмүүд нь өвчлөлийг бууруулах, эрсдэлээс сэргийлэх, хавдартай иргэдийн амьдралын хугацааг уртасгахад чухал ач холбогдолтой гэв.
“Roche” компанийн нийлүүлж буй эмүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын баталгаатай бөгөөд Монголын иргэд ийм эмийг хэрэглэх боломжтой болсон гэж тэрбээр онцлов.
Мөн тэрбээр 2010 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг 2024 онд шинэчилсэн найруулгаар баталсан бөгөөд уг хууль нь чанартай, аюулгүй, үр дүнтэй эмийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний практикт хэрэглэх зорилготойг тэмдэглэв. Энэ нь эмийн чанарыг сайжруулах, үнийг ил тод болгох Засгийн газрын бодлоготой уялдаж байгааг дурдав.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболд хэлэхдээ, Эрүүл мэндийн яам, “Монос” компани, “Roche” компани хамтран санамж бичиг байгуулсны хүрээнд ХСҮТ-д хөхний болон уушгины хорт хавдрын гурван төрлийн эмийг нэг сая ам.долларын санхүүжилтээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх шийдвэр гарсан гэж мэдээллээ.
Эдгээр эмийг үе шаттайгаар эмчилгээнд нэвтрүүлэн ашиглаж байгаа бөгөөд химийн эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтнүүд орчин үеийн, чанартай эмчилгээг нэвтрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.
Тэрбээр уг эмчилгээ нь дэвшилтэт эмчилгээ Монголд нэвтэрч байгаа, өмнө удаан хугацаанд судсаар хийдэг байсан эмчилгээг таван минутын дотор хийх боломжтой болгосон, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 78 хувьд үр дүн үзүүлсэн, мөн эмч нарын мэдлэг, туршлага, арга барилыг дээшлүүлж байгаа зэрэг давуу талтайг онцлов.
Монгол Улсад жил бүр хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, ихэнх тохиолдолд хожуу оношлогддог болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд ийм нөхцөлд орчин үеийн, үр дүнтэй эм, эмийн бүтээгдэхүүнийг эмчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай байгааг салбарынхан онцолж байна.
