АНУ үхрийн өөхөн тосыг шинэ хоол тэжээлийн удирдамждаа эрүүл хүнсэнд багтаалаа

АНУ-ын холбооны Засгийн газар шинэчилсэн хоол тэжээлийн удирдамждаа үхрийн өөхөн тосыг эрүүл хүнсэнд багтаажээ. Шинэ хүнсний пирамид уламжлалт загварыг өөрчилж, бүхэл үрийг доод хэсэгт байрлуулсан бөгөөд уураг, тослогтой сүүн бүтээгдэхүүнийг жимс, хүнсний ногоотой хамт давуу хэрэглэх хүнсэнд оруулсан байна. Мөн үхрийн өөхөн тос, цөцгийн тосыг оливын тостой хамт хоол хийхэд илүүд үзэх тос гэж тодорхойлжээ. Гэсэн хэдий ч ямар төрлийн өөх тос урт хугацаанд илүү ашигтай болохыг тогтоохын тулд нэмэлт судалгаа шаардлагатай гэж удирдамжид дурдсан байна.
Энэхүү шинэчлэл нь хоол тэжээл, анагаах ухааны мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Америкийн Зүрхний Холбоо ханасан өөх тос зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэн, үхрийн өөх зэрэг амьтны гаралтай өөх тосыг хязгаарлахыг дахин зөвлөжээ. Харин шинэ удирдамжийг дэмжигчид үхрийн өөхөн тосыг бага хэмжээгээр хэрэглэх нь асуудалгүй гэж тайлбарлаж байна.
Ургамлын тос нь ихэвчлэн өндөр боловсруулалттай бөгөөд омега-6 тосны хүчил ихээр агуулдаг тул бие махбодод үрэвслийг нэмэгдүүлэх, бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс хоол хүнсэндээ ургамлын тосноос илүүтэй цөцгийн тос, шар тос, авакадо, оливын тос, үхрийн өөхөн тосыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөж байна.
