Улаанбаатар хотын мега төслүүдийн явцын танилцуулга

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотод хэрэгжиж буй мега төслүүдийн явцын талаар танилцууллаа.
Туулын хурдны замын түр барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай байна. Хурдны замыг барих гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулсан бөгөөд материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн ажлын хүрээнд 40 цооног өрөмдөж, эдгээр ажлын гүйцэтгэл 56.9 хувьтай байна. Төслийн зураг төслийн хүрээнд шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зураг батлагдсан бөгөөд авто зам, гүүр, хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 92.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлсөн байна. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэн 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулжээ. Санхүүжилтийн гэрээ зурагдсан бөгөөд түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж, хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж байна.
Дүүжин замын тээврийн барилгын ажлын явц 54 хувьтай байна. Яармаг, Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18 тулгуур баганыг угсарч, хоёр буудлын эргэлдэгч цамхаг тулгуур баганыг угсарсан байна. Тоног төхөөрөмжүүд болон тулгуур багана бүхий 125 чингэлэг төслийн талбайд бууж, дүүжин замын тээврийн 28 кабин төслийн агуулахад хүргэгдсэн байна.
“Улаанбаатар метро” төслийн “Багц 1”-ийн хоёрдугаар шатны тендерийг 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр EPC+F нөхцөлөөр зарласан бөгөөд тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна. Метроны норм стандарт, хууль эрх зүйн талаар судалж байгаа бөгөөд “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трам” төслүүдийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээг корпорацын зарчмаар ажиллуулах санал боловсруулжээ.
“Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тендерийн бэлтгэл ажил хийгдэж байна.
Нэгдүгээр тойрог замын зураг төсөл, худалдан авалт, зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил, санхүүжилтийн (EPC+F) тендерийг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр зарласан бөгөөд ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр нээхээр төлөвлөжээ.
“Сэлбэ 20 минутын хот” орон сууцжуулах төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын 16-нд зарласан байна.
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна.
Туул усан цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг БНЭУ-ын “Калпатару прожектсинтернэшнл лимитэд” ХХК 2024 оноос эхлэн боловсруулж байгаа бөгөөд ТЭЗҮ боловсруулах явц 90 хувьтай байна.
Хөрсний ус, үерийн хамгаалалт, дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах төслүүд, лаг шатаах үйлдвэр, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, олон түвшний уулзвар, Хүннү хотын дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн бөгөөд холбогдох ажлууд үе шаттай үргэлжилж байна.
