НЗДТГ: Автобусны дулаан зогсоолуудыг эвдэлсний улмаас түр хааж, өнөөдрөөс засварлаж нээж байна

Цаг агаарын эрс хүйтрэлтийн улмаас автобус хүлээж буй иргэд “Дулаан зогсоолууд ажиллахгүй байна” гэсэн гомдол гаргаж эхэлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 70 орчим автобусны дулаан зогсоол байдаг аж.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 24 дулаан зогсоол байгаа бөгөөд үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Баянгол дүүргийн 12 дулаан зогсоолын долоо нь хэвийн ажиллаж байгаа бол таван зогсоолыг түр хугацаагаар хаасан байна.
Тус хаасан зогсоолуудын эд зүйлсийг хулгайлж, зорчигчид цонх, шилийг нь эвдсэн тул түр хаасан бөгөөд өнөөдөр хоёр зогсоолыг засаж, нээсэн байна. Үлдсэн хаалттай зогсоолуудыг засварлаж дуусгаад өнөөдрөөс дахин ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
