Иргэний эмзэг мэдээллийг цахимд байршуулсан үйлдлийг шалгаж байна

Энэ сарын 13-ны өдөр нэг иргэн “Хосын харилцаатай байсан ч салсан хүн миний нүцгэн зургуудыг цахим орчинд байршуулж, нэр хүндэд халдсан” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Үүний дагуу хүний хувийн болон эмзэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан иргэн Б-ийн үйлдлийг шалгаж эхэлсэн байна.
Дууны, дүрсний болон дуу дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлээр хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д хүний эмзэг мэдээлэлд үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа эсвэл ял эдэлсэн байдал, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хамааруулдаг.
Иймд хүний эмзэг мэдээллийг задруулсан үйлдэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлээр хүнийг хоёр мянган нэгжтэй, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Цагдаагийн байгууллагаас 2022-2025 оны хооронд “Хүний эмзэг мэдээллийг задруулсан” нийт 31 хэрэг бүртгэгдэж, 18 хүнд 33 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Иргэдэд хүний хувийн болон эмзэг мэдээллийг хууль бусаар тараахгүй байх, бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй байхыг зөвлөж байна.
