Улаанбаатарт өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл танилцуулав

2026-01-19 07:001min
20260119-070038-file.jpeg
Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжихээр төлөвлөж байна. Энэхүү цогц байгууламж жилд 180-240 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай байх юм.

Улаанбаатар хот 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ажлын хэсэг байгуулан Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй салбар хоорондын уулзалт зохион байгуулж, өнгөрсөн Баасан гарагт хоёр төсөлтэй танилцсан.

Иргэн М.Нямбаяр Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг танилцуулсан байна. Тэрбээр энэ цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн эрүүл мэнд, нийгмийн харилцааг дэмжих зорилготой, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж болохыг онцлов.

Төслийн дагуу орчин үеийн шилэн бүтэц, дулаан хадгалалттай, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх 5-6 блок байгууламжийг барихаар төлөвлөж байна. Энэхүү байгууламж жилд 180-240 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай байх юм.

Мөн “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа Улаанбаатар хотын агаарын тээврийн дэд бүтцийн талаар танилцуулж, хотын дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Тэрбээр агаарын дэд бүтэц нь эрүүл мэнд, яаралтай тусламж, онцгой байдал, гал түймэр, цагдаа, аялал жуулчлал зэрэг олон салбарт ач холбогдолтой болохыг дурдсан.

Энэхүү мэдээлэл нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс гаргасан байна.