“Хүннү” дагуул хотыг “Чингис хаан” нисэх буудлын орчимд байгуулахаар төлөвлөжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд 315 га талбайд “Хүннү” дагуул хотыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ дагуул хот нь Нийслэл хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд байрлана.
Төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барих төлөвлөгөөтэй бөгөөд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон “Хүннү” хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр нар төслийн талбайд ажиллалаа.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авсан бөгөөд энэ хэрэгцээнд тулгуурлан “Аеротрополис” буюу нисэх буудалд суурилсан дагуул хотыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Т.Даваадалай транзит зочид буудал ашиглалтад орсноор Монгол Улс Азийн бүс нутгийг холбосон агаарын тээврийн HUB болох боломжтойг онцлов.
Транзит зочид буудлыг 3.3 га талбайд барихаар төлөвлөөд байна. Энэ нь 25 мянган мкв талбай бүхий таван давхар, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай иж бүрэн барилга байх бөгөөд “Чингис хаан” нисэх буудалтай 350 метр урт хоолойгоор холбогдохоор зохион байгуулжээ.
“Хүннү” дагуул хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын эвент, арга хэмжээ, үзэсгэлэн, дата төв, мэдээллийн технологийн кластер зэрэг бүсчлэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. М.Батбаяр нисэх буудлын бүсэд мөрдөгдөх барилгын өндөр хязгаарлалттай холбоотойгоор 4–5 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Мөн энэ онд транзит зочид буудлын хамт 600–1000 айлын орон сууц, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор нисэх буудалд давхардсан тоогоор 2000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага байгааг онцлов.
