Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх Малайзад болно

2026-01-16 15:011min
20260116-150143-file.jpeg
Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Малайз улсад болно. Шүүх хурлаар нөхөн төлбөр авах эсэх асуудал шийдвэрлэгдэх юм.

Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Малайз улсад зохион байгуулагдана. Энэхүү шүүх хуралд оролцохоор С.Шаарийбуу Малайз улсыг зорьжээ.

Тус хэрэг нь 2006 онд Малайзын ерөнхий сайд асан Наджиб Разак болон түүний холбоотон Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн явдал юм.

Хэргийг гүйцэтгэсэн нь Наджиб Разакын ойрын хамгаалалтын албанд ажиллаж байсан хоёр хүн болох нь тогтоогдсон бөгөөд Наджиб Разакыг хэрэгт буруутгаж шалгасан ч шүүх цагаатгасан байна.

2022 онд С.Шаарийбуугийн гэр бүл Азилах, Сирул, Абдул Разак болон Малайзын Засгийн газрыг эсрэг өргөдөл гаргаж, иргэний хэрэгт ялалт байгуулан 9 сая рингит (ойролцоогоор 2.1 сая ам.доллар)-ын нөхөн төлбөр авах шийдвэр гаргуулсан юм.

Гэвч Абдул Разак болон Малайзын Засгийн газар уг шийдвэрийг давж заалдаж байгаа бөгөөд энэ удаагийн шүүх хурлаар нөхөн төлбөр авах эсэх асуудал шийдвэрлэгдэхээр байна.