Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гаргалаа

2026-01-16 13:011min
20260116-130120-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, судлан шинжлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар зарлиг гаргалаа. Засгийн газарт холбогдох төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа.

Энэхүү зарлиг нь монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газарт уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г гарган хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.

Уг төлөвлөгөөнд уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, эх сурвалж, өвийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, инновацыг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгасан байна.

Мөн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, найрлага, үйлдлийг судлах, тарималжуулах, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр заажээ.

Түүнчлэн уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг ард иргэдэд хэвшүүлэх, хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоог бий болгох ажлыг зохион байгуулах юм.

Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад уриаллаа.

Одоогоор уламжлалт анагаах ухааны салбарт 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.