Онгоцны тасалбарын хуурамч зарын улмаас иргэд залилуулжээ

2026-01-14 18:011min
20260114-180122-file.jpeg
2025 онд цахим орчинд онгоцны тасалбар болон бусад бараа үйлчилгээний хуурамч зарын улмаас 5.214 хүн хохирчээ. Иргэд албан ёсны эх сурвалжийг шалгаж, залилангийн тохиолдлыг цагдаад мэдээлэхийг анхааруулж байна.

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, хоёр иргэн “Онгоцны тасалбар зарна” гэсэн хуурамч зарын дагуу холбогдож, үл таних этгээдийн данс руу нийт 4.255.100 төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Цахим орчинд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хямд үнэтэй онгоцны тасалбар, аяллын багц, бараа бүтээгдэхүүн гэх мэт хуурамч зар мэдээлэл нийтэлж бусдыг хохироох тохиолдол ихэссэн байна.

2025 онд нийт 16.906 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5.214 хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд цахимаар үйлчилгээ авах, бараа захиалахдаа албан ёсны байгууллага мөн эсэхийг сайтар шалгаж, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.