2025 оны наадамд сэргээш хэрэглэсэн 9 бөхийн барилдах эрхийг хасжээ

2026-01-14 13:011min
20260114-130101-file.jpeg
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2025 оны аймгуудын наадамд сэргээш хэрэглэсэн 9 бөхийн нэрийг зарлаж, тэдний барилдах эрхийг 1.5-3 жилээр хассан байна.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрснийг албан ёсоор мэдээллээ. Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадамд барилдсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулсан байна.

Сорьцуудыг 2025 оны зургаадугаар сарын 6-ны, долоодугаар сарын 13-ны болон наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Герман Улсын Дрездений Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтэд хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Тэмцээний үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчдийн авсан цол, медаль, шагналыг хүчингүй болгохыг аймгийн баяр наадам зохион байгуулах комисст сануулсан байна.

Сэргээш илэрсэн бөхчдийн нэрс:
– Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, аймгийн арслан Дашийн Төрбаяр
– Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн начин Цэрэннадмидын Болдбаатар
– Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин Оюунцэцэгийн Амгаланбямба
– Дорноговь аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн заан Сүхбаатарын Цогтсүмбэр
– Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн начин Болдбаатарын Сундуйжадамба
– Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Энхболдын Чойням
– Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн заан Эрдэнэбатын Гантөмөр
– Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Энхбатын Мөнхтөр
– Хөвсгөл аймгийн Гал сумын харьяат, Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ

Эдгээр бөхийн барилдах эрхийг холбогдох хуульд заасны дагуу 1.5-3 жилээр хассан байна.