Монголд зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн стандартууд хэрэгжиж эхэллээ

2026-01-13 22:011min
20260113-220133-file.jpeg
Монгол Улсад зэрлэг амьтдад ээлтэй авто болон төмөр замын стандартууд хэрэгжиж, Богдхан уулын Дархан цаазат газарт стандартын дагуу хашааг шинэчилж эхэлсэн байна.

Монгол Улсад зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн стандартууд хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний үр дүн бодитойгоор илэрч байна.

Дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор зэрлэг амьтад өргөст торон хашаанд орооцолдож үрэгдсэн, мөн авто зам дээр тээврийн хэрэгслүүдэд дайруулсан тохиолдлууд гарсаар байна.

Төмөр замын гарц, гарам зэрлэг амьтдад зориулсан зохицуулалтгүйгээс нүүдлийн амьтад шилжин нүүдэллэх боломж хязгаарлагдаж, амьдрах орчин нь хуваагдан шаардлагатай бэлчээр, усны нөөцөд хүрэх боломжгүй болж үхэлд хүрч байна.

Иймд авто болон төмөр замын зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай стандартуудыг бий болгох санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2011 оноос төрийн байгууллагууд, судлаачидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ ажил тодорхой үр дүнд хүрчээ.

Тухайлбал, WWF Монгол дахь хөтөлбөрийн газар зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам болон хориг хашааны үндэсний гурван стандартыг боловсруулж холбогдох яамдаар батлуулсан байна.

Мөн UCS 0304В:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хэмээх нийслэлийн стандартыг хамтран боловсруулж, 2025 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа энэхүү стандартыг хэрэгжүүлж, одоо байгаа зэрлэг амьтдад сөрөг нөлөөтэй хашааг стандартад нийцүүлэн өөрчлөх ажлыг эхлүүлсэн байна.

MNS 6515:2015 болон UCS 0304В:2025 хоёр стандарт нь Богдхан уулын Дархан цаазат газрын зэрлэг амьтдыг төмөр зам, хурдны авто зам болон хориг хашаанаас үүдэлтэй гэмтэл, хорогдлоос хамгаалах хууль, эрх зүйн үндсэн баримт бичиг болжээ.

2025 оны хоёрдугаар сард Монголын Төмөр Зам ТӨХК-ийн хүсэлтээр Богдхан уулын урдуур баригдах Багахангай-Хөшигт чиглэлийн 103 км төмөр замын төсөлд зориулан WWF зөвлөмж боловсруулан хүргүүлсэн байна.

Энэхүү зөвлөмжийн дагуу тус төмөр зам дагуу зэрлэг амьтдад ээлтэй MNS 6515:2015 стандартад нийцсэн 10 тооны нүхэн гарцыг бүтээн байгуулж байгаа нь сайн жишиг болж байна.

Мөн Багахангай-Хөшигт чиглэлийн төмөр замын хориг хашааг өргөсгүйгээр барьж, нүүдлийн амьтад өргөст хашаанд орооцолдож гэмтэх, үрэгдэх эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.