Нийслэлд 2026 онд 30 сургууль, 14 цэцэрлэг барихаар төлөвлөжээ

2026-01-14 08:301min
20260114-083026-file.jpeg
Нийслэлд 2026 онд улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээлээр 30 сургууль, 14 цэцэрлэг барихаар төлөвлөсөн бөгөөд боловсролын салбарт 137 төсөл хэрэгжиж байна.

Нийслэлийн хэмжээнд 2026 онд улсын төсөв, нийслэлийн төсөв, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

Тодруулбал, улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барих аж.

Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих бөгөөд өнөөдрийн байдлаар он гарснаас хойш дөрвөн сургууль, нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг нийт долоон барилгыг ашиглалтад оруулжээ.

Нийслэлийн хэмжээнд 2025 онд долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал зэрэг нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр 10 мянга орчим хүүхэд тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой болсон гэж мэдээллээ.