Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн замналаа өндөрлүүлэв

Олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн удаа шүүлээ. Тэрбээр шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлж, сүүлийн удаа эрэгтэйчүүдийн 57 кг жингийн аваргын төлөөх барилдаанд шүүгчийн үүрэг гүйцэтгэлээ.
Ц.Сэрээтэр 39 жилийн турш тасралтгүйгээр УАШТ-ийг шүүн явуулсан бөгөөд энэ удаа олон улсын шүүгч Э.Батнасанд халаагаа өглөө.
Тэрбээр 2008 оны Бээжингийн зуны олимпын наадамд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2011 онд олимпын зэрэглэлтэй шүүгч болсон юм. Мөн 2012 оны Лондоны зуны олимпын наадмын шүүгчээр ажиллаж байв.
Ц.Сэрээтэрийн аав О.Цэрэндагва нь гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч бөгөөд 1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байсан түүхтэй.
