Монголын шигшээ багт Төрийн далбаа гардуулах ёслол боллоо

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.
Монгол Улсын шигшээ багийн тамирчдад Төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, холбогдох албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн баг оролцов.
Дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид 7 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө өрсөлдөх уг наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ачбадрах, Энхбаярын Ариунтунгалаг, уулын цанын төрөлд Алтанзулын Ариунбат нар оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км зайд хоёрдугаар сарын 7-ноос эхлэн уралдах бол уулын цанын тамирчид слалом төрөлд хоёрдугаар сарын 16-нд хурд хүчээ сорих юм. Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Номин ажиллах ажээ.
