Ногоон нуур орчим ба Гандантэгчэнлин хийдийн өргөн чөлөөг тохижуулах төсөв батлагдав

Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчим болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулах ажил энэ онд эхэлнэ.
Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах бөгөөд задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэрэг байгууламжийг төлөвлөжээ.
Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулахад нийт 1.6 га талбайд ажил хийгдэх бөгөөд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах аж.
Тохижилтын ажил нь Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдагдуулахгүй, орчин үеийн хэв загвартай хийгдэх бөгөөд түүхэн дурсгалт барилгуудыг хадгалж үлдэх шаардлагатай гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэв.
Энэхүү гудамж байгуулагдсанаар түүх, соёлын ач холбогдолтой газар болж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой юм.
Нийслэлийн 2026 оны төсвөөс Ногоон нуур орчмын тохижилтод нийт 16.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнээс 5.5 тэрбум төгрөгийг энэ онд зарцуулахаар баталжээ.
Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахад энэ онд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
2026 онд нийслэлд тохижилт, бүтээн байгуулалтын 24 шинэ төсөл хэрэгжих бөгөөд үүнд 10 тохижилтын ажил, 3 сургууль, цэцэрлэгийн тохижилт, 2 тоглоомын талбай, 4 ногоон байгууламж, 5 автобусны буудлын тохижилт багтаж байна.
Мөн 2025-2026 онд нийт 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнд тоглоомын талбайн 2, хөл бөмбөгийн талбайн 1, явган замын 5, нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын 10, хашаа барих 2, тохижилт, бүтээн байгуулалтын 32 ажил орж байна гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэв.
