Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын баримтуудыг үзэсгэлэнд дэлгэлээ

2026-01-13 18:011min
20260113-180141-file.jpeg
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлах зорилгоор түүхэн архивын баримтуудыг эх хувиар нь дэлгэн үзүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт” үзэсгэлэнг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэхдээ, 34 жилийн өмнө Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжийг төлөөлсөн 430 депутат эх орон, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, хоёр сарын турш хэлэлцэн Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан гэж онцлов.

Тэрээр шинэ Үндсэн хуулиар Монгол Улс ардчилсан улс болохоо тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн ардчилсан нийгмийг байгуулах зорилгоо илэрхийлсэн гэдгийг тэмдэглэв.

Үзэсгэлэнд Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын эх хувийн түүхэн баримтуудыг дэлгэн үзүүлсэн бөгөөд Монгол Улсын Төрийн сүлд, далбаа, Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой архивын баримтууд, төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын чуулганы тэмдэглэл, эд өлгийн зүйлсийг олон нийтэд танилцуулж байна.

Эдгээр үзмэрүүд нь Үндсэн хуульт байгууллын түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийт, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.