Хадгаламж банк Авлигатай тэмцэх газарт 140 тэрбум төгрөгийн хохирол арилгасанд талархал илэрхийлэв

2026-01-13 16:301min
20260113-163057-file.jpeg
Хадгаламж банкны эрх хүлээн авагч М.Энхтөр Авлигатай тэмцэх газарт 140 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, арилгасанд талархал илэрхийлэв.

Хадгаламж банкны эрх хүлээн авагч М.Энхтөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр талархал илэрхийлжээ.

Албан бичигт дурдсанаар, 20 гаруй жилийн өмнө авсан зээлийн төлбөрөө эргэн төлөөгүйн улмаас “Анод”, “Зоос”, “Хадгаламж” арилжааны банкуудыг татан буулгахад хүргэсэн “Олон овоот гоулд” ХХК болон түүний хамаарал бүхий “Зөв зүг” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл нь банк санхүү болон уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлжээ.

Үүний улмаас Хадгаламж банк үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч, улсын төсөвт төвлөрүүлж байсан мөнгөн урсгал тасалдсан байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдэд буруу ойлголт төрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэжээ.

Энэ нь Олон улсын удирдлагын форум (IPAF)-ын гишүүн байгууллагын хувьд Монгол Улсад шинээр бий болж буй чанаргүй активын зах зээлд хөрөнгө оруулалт татахад хүндрэл учруулж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйл явдал болсон байна.

Төрийн гурван байгууллага болох Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорациудад нийт 140 тэрбум төгрөгийн хохирол, эрсдэл учруулсан хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газар таслан зогсоож, арилгасан талаар албан бичигт онцолсон байна.

Мэргэжлийн өндөр ур чадварын ачаар Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хууль бус үйлдлийг богино хугацаанд илрүүлж, хохирол, эрсдэлийг арилгасанд талархал илэрхийлжээ. М.Энхтөр нь Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа болон хамт олонд өөрийн болон хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.