Alphabet компани зах зээлийн үнэлгээгээр Apple-ийг гүйцэж давжээ

“Alphabet” компани буюу “Google”-ийн толгой компани зах зээлийн үнэлгээгээрээ 3.88 их наяд ам.долларт хүрч, сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа “Apple”-ийг гүйцэж давжээ. Энэ өсөлтөд хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулсан нь голлон нөлөөлсөн байна. Харин “Apple”-ийн хувьцааны ханш сүүлийн таван өдөрт дөрвөн хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 3.84 их наяд ам.долларт хүрсэн байна.
“Google”-ийн үнэт цаасны ханш ганцхан өдрийн дотор хоёр хувиар өссөн бол “Apple”-ийнх буурсан үзүүлэлттэй байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Тэд “Google” хиймэл оюун ухааны салбарт идэвхтэй хөрөнгө оруулж байгаатай холбон тайлбарлаж, “Apple” энэ өрсөлдөөнд хоцорч буйг онцолжээ.
“Google” компани өнгөрсөн онд АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр амжилттай ажилласан бөгөөд “Gemi-ni 3” нэртэй хиймэл оюуны шинэ загвараа танилцуулсан байна. Үүлэн технологийн бизнесийн хүрээнд компаниуд интернэтээр дамжуулан сервер, программ хангамж, өгөгдөл хадгалах нөөцийг ашиглах боломжтой бөгөөд энэ нь уян хатан, хэрэгцээнд тохируулан тэлэх боломж олгодог.
“Google” компани 2025 оны эхний есөн сард үүлэн тооцооллын чиглэлээр нэг тэрбум гаруй ам.долларын гэрээ байгуулсан нь өмнөх хоёр жилийн нийлбэр дүнгээс давсан үзүүлэлт болжээ. Харин “Apple” компани 2022 оны сүүлчээс хойш ChatGPT гарснаас хойш хиймэл оюуны өрсөлдөөнд идэвхтэй оролцохгүй байгаа бөгөөд “Siri” туслахын шинэ хувилбарыг 2025 онд танилцуулахаар төлөвлөсөн ч хугацааг нь нэг жилээр хойшлуулжээ.
