Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашинууд мөс цөмөрч, 2 хүн амь насаа алджээ

2026-01-12 20:121min
20260112-201233-file.jpeg
Хөвсгөл аймагт мөсөн дээгүүр зорчиж явсан автомашинууд мөс цөмөрч, нийт 2 хүн амь насаа алдаж, бусад зорчигчид эсэн мэнд гарсан байна. Онцгой байдлын алба дуудлагад шуурхай ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын “Дээд цагаан нуур” орчимд мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч, дотор байсан 3 том хүн, 2 хүүхэдтэйгээ живсэн байна. Зорчигчид эсэн мэнд гарч, живсэн автомашиныг татан гаргасан.

Мөн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Тойлогтын үзүүр” орчимд мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашины урд хоёр дугуй мөсөнд цөмөрч, дотор байсан 2 хүн эсэн мэнд гарсан бөгөөд автомашиныг татан гаргасан.

Түүнчлэн Хатгал тосгоны “Тойлогтын үзүүр” орчимд түлээ ачсан ЗИЛ-131 автомашин мөсөн дээгүүр зорчиж явсан бөгөөд дотор байсан 3 хүнээс 1 нь амьд үлдэж, 2 хүн живсэн тухай дуудлагыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид дээрх дуудлагын дагуу ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэд, малчид, тээвэрчид, аялал жуулчлалын болон амралтын зорилгоор мөсөн дээгүүр зорчихдоо өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, анхааруулгыг дагахыг онцгойлон сануулж байна.