Орон сууцны урьдчилсан захиалгаар 2 тэрбум төгрөгийн залилан гарчээ

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэн нийт 2.0 тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан хэрэг гарчээ. Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан, баригдаж буй барилгад 20-120 сая төгрөгийн урьдчилсан захиалга авсан байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтаар уг үйлдэл нь залилан болохыг тогтоосон байна.
Иймд иргэдэд орон сууц захиалгаар худалдан авах нь ашиглалтад орсон байр худалдан авахаас илүү эрсдэлтэй болохыг анхааруулж байна. Барилга барьж буй компанийн найдвартай байдлыг шалгаж, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, өмнө нь ямар төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хугацаандаа ашиглалтад оруулсан эсэх, шүүхийн өр төлбөртэй эсэх, барилгын зөвшөөрөл, баримт бичгүүд бүрэн эсэхийг нягталж гэрээ байгуулахыг зөвлөж байна.
Мөн энэ чиглэлийн мэргэшсэн иргэн, хуулийн этгээдэд хандаж, эрсдэлээс сэргийлэхийг санууллаа.
