Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 11-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллав. Тэрээр Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан байна.
2004 оноос үйл ажиллагаа явуулж буй тус чөлөөт бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч зөвхөн 15 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Чөлөөт бүсэд өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ.
2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийгдсэн ч туршилт, тохируулгын талаарх мэдээлэл тодорхойгүй учраас эдгээр байгууламжийг ашиглаж чадаагүй байна. Үүний улмаас дэд бүтцийн ашиглалтад 9 жил саатал үүссэн талаар чөлөөт бүсийн удирдлагууд танилцууллаа.
Хэрэв суурилагдсан дэд бүтцийг бүрэн ашиглавал зардал хэмнэх, иргэд болон аж ахуйн нэгжүүд тохилог орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Одоогоор чөлөөт бүсийн аж ахуйн нэгжүүд дулаанаа цахилгаанаар шийдвэрлэж байгаа аж.
Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөт бүсийн үйл ажиллагаа хангалтгүй байгааг дүгнэж, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд нийцсэн стратеги, төлөвлөлт боловсруулах үүргийг тус бүсийн удирдлагад өглөө.
