Монгол Улсад оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийн тоо 2025 онд өсжээ

2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсад оршин суух бүртгэлтэй гадаадын иргэд 136 улсын 34,272 хүн байна. Улсаар нь авч үзвэл БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу 19,952 хүн, ОХУ-ын 3,001, БНЭУ-ын 2,278, БНСУ-ын 1,693, АНУ-ын 1,124 иргэн тус тус бүртгэлтэй байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 3 хувиас хэтрэхгүй бөгөөд нэг улсын иргэн нийт хүн амын 1 хувиас хэтрэхгүй байх зохицуулалттай. Одоогийн байдлаар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэд Монгол Улсын нийт хүн амын 0.9 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс БНХАУ-ын иргэд 0.56 хувь, ОХУ-ын иргэд 0.09 хувь, БНЭУ-ын иргэд 0.06 хувь, БНСУ-ын иргэд 0.04 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг эзэлж байна.
Гадаадын иргэдийн оршин суух зорилгоор авч үзвэл албан зорилгоор 560, хөдөлмөр эрхлэхээр 17,168, суралцахаар 5,213, хөрөнгө оруулах зорилгоор 5,329, цагаачлалын үндсэн дээр 1,767, шашны зорилгоор 134, гэр бүлийн шалтгаанаар 3,022, бусад хувийн зорилгоор 1,079 иргэн бүртгэлтэй байна. Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар нэмэгдсэн байна.
