Өвөрхангай аймагт өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор улсын нөөцөөс тэжээл олгож эхэллээ

2026-01-11 13:001min
20260111-130049-file.jpeg
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумдад улсын нөөцөөс 549 тонн тэжээл хуваарилж, малчдад олгох ажлыг зохион байгуулж байна. Малын өвс тэжээлийн нөөц хомсдож, өвөлжилт хүндэрсэн нөхцөлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Өвөрхангай аймгийн нийт нутгийн 80 хувь нь цастай бөгөөд 34 хувьд нь зудын өндөр эрсдэл үүсээд байна гэж аймгийн болон сумдын онцгой комиссоос мэдээллээ. Уянга, Нарийнтээл, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Өлзийт сумдад өвөлжилт эрс хүндэрч, зарим сумдын өвс тэжээлийн нөөц бүрэн дууссан байна.

Одоогоор аймгийн хэмжээнд 133.8 мянган толгой мал гаднын 14 аймгийн 50 суманд отроор өвөлжиж байгаа юм. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хангалт аймгийн хэмжээнд 75 хувьтай, сумдын түвшинд дунджаар 48 хувьтай байна.

Сант суманд нийт мал сүргийн 40 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан ч 10–12 дугаар сард цас ихээр орж, сумын нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон тул өвөлжилт хүндэрчээ. Арваннэгдүгээр сарын 7-ноос мал бэлчээрлэх боломжгүй болж, малыг тэжээлд шилжүүлсэн байна. Гэвч малчдын өвс тэжээл дуусч, сумын аюулгүйн нөөцийг малчдад олгосноор уг нөөц бүрэн шавхагдсан байна. Бэлчээрээс мал өвс идэх боломжгүй болсон нь 500 гаруй толгой малын өлдөж хорогдох шалтгаан болжээ.

Иймд цаашид дөрвөн сар хүртэлх хугацаанд малыг тэжээх өвс тэжээлийн бүрдүүлэлтэд салбарын яам болон Улсын онцгой комиссоос дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Мөн сумын хүн эмнэлэг, цагдаагийн байгууллага яаралтай дуудлагаар явах автомашингүй байгаа тул хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох, өвөлжилт хүндэрсэн сум, баг, айл өрхүүдийн хооронд зам гаргах, малын бэлчээрт хүрэх жим татахад шаардлагатай техник хэрэгсэл, шатахуун, тослох материалын дэмжлэг хэрэгтэйг уламжилжээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Засгийн газраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад улсын нөөцөөс тэжээл олгох шийдвэр гаргасныг мэдээлсэн бөгөөд үүний хүрээнд Өвөрхангай аймагт 549 тонн тэжээл хуваарилсан байна. Тус тэжээлийг аймгийн Онцгой комиссоос татан авч, сумдад яаралтай хуваарилах ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн байна. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн байгууллагад шаардлагатай эм, бэлдмэл болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлжээ.