Хөвсгөл аймагт аялагчдын тоо нэмэгдэж, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2026-01-11 12:301min
20260111-123032-file.jpeg
Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байх, цаг агаарын мэдээллийг албаны эх сурвалжаас авахыг анхааруулж байна.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сум, Хатгал тосгон чиглэлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих дотоод, гадаадын аялагч иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна.

2024 оны нэгдүгээр сарын 10-нд Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” орчимд автомашин мөсөн дээгүүр явж байгаад цөмөрч орсон дуудлага бүртгэгдсэн байна. Уг газар нь Рэнчинлхүмбэ сумаас баруун зүгт 20 км, аймгийн төвөөс хойд зүгт 223 км-т байрладаг.

Иймд аялал зугаалгаар очих иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Гол мөрөн, нуурын мөсөн бүрхүүл бүрэн тогтсон ч мөсний нягтрал, бат бөх байдал нь газраас газарт харилцан адилгүй байдаг тул хүн, мал болон автомашинтай зорчиход аюултай байж болзошгүй юм.

Тиймээс мөсөн дээгүүр зорчихгүй байх, цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Мөн зам маршрутыг сайтар судалж, автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Төөрөх эрсдэлээс сэргийлэхийн тулд баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.