Өвөрхангай, Дундговь, Дорноговьд цасан шуурга, замын халтиргаа үүсчээ

2026-01-09 15:011min
20260109-150155-file.jpeg
Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүсэж байна. Жолоочдод аюулгүй зорчихыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.

Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч байна. Алтайн уулархаг болон говь, тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байна.

Иймд улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой байх, автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хянахыг Тээврийн цагдаагийн албаас зөвлөж байна.

Жолооч нарт хүйтний улиралд зориулсан дугуйгаар зуны дугуйгаа солих, түлш шатахуун хангалттай авч бэлтгэх, онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх, холын гэрлээ шилжүүлэх, нойр дутуу, их ядарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөхийг анхаарууллаа.