Н.Өсөхбаярын допингийн хэрэгт холбогдсон асуудал болон цол хураах шийдвэрийн талаар

2026-01-09 14:011min
20260109-140126-file.jpeg
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын улсын гарди Н.Өсөхбаяраас хориотой бэлдмэл илэрсэн тул түүний цолыг хураах саналыг холбогдох байгууллагууд Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Шалгалт үргэлжилж байгаа бөгөөд барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гарсан байна.

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн юм. Баяр наадмын дараа шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад Н.Өсөхбаяраас хориотой бэлдмэл илэрсэн талаар мэдээлэл гарсан билээ.

Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын мэдээлснээр, Н.Өсөхбаярын дасгалжуулагч тухайн бөхөд хориотой бэлдмэл өгсөн байж болзошгүй хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн аравдугаар сард Н.Өсөхбаярын цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Улмаар Н.Өсөхбаярын барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд “Үнэн зоригт”, долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд “Хуурнин шуугигч”, наймын даваанд өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурьд “Тод сонин” чимгийг нөхөн олгох саналыг гаргасан байна.

Н.Өсөхбаяр өөрийгөө хорлогдсон гэж сэжиглэж байгаа тул холбогдох байгууллагууд шалгалт хийнэ. Гэхдээ түүний эрхийг хасаж, цолыг нь хураах нь тодорхой бөгөөд хугацаа нь шийдвэрлэх гол асуудал болж байна. Өмнөх жишээнүүдээс үзэхэд энэ шийдвэр ирэх жилийн наадмын өмнө гарна гэж таамаглаж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон цолыг мөн Ерөнхийлөгчийн зарлигаар хураах бөгөөд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгоно.

Н.Өсөхбаярт унасан бөхчүүдийн жагсаалт:
– 4-ийн даваанд: Улсын харцага Г.Бадрах
– 5-ын даваанд: Улсын гарьд Б.Гончигдамба
– 6-ын даваанд: Улсын заан М.Лхагвагэрэл
– 7-ын даваанд: Улсын заан Б.Пүрэвсайхан
– 8-ын даваанд: Дархан аварга Н.Батсуурь

Эдгээр унасан бөхчүүдийн дунд цол нэмэх бөх байхгүй бөгөөд Дархан аварга Н.Батсуурийн үзүүрийн тоо нэгээр нэмэгдэх юм.