Цахим орчинд хусдаг сугалааны залилан нэмэгдэж байна

Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа” болон “үнэт чулууны сугалаа” гэх нэрээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилж байгаа гэмт хэрэг нэмэгдэж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцож залилуулсан тухай зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээр дуудлага, мэдээллүүдийн дагуу иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн хусдаг сугалаа, үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтыг үзэж, сугалаанд оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлснээс нийт 32,427,600 төгрөгийн хохирол амссан байна.
Ийм төрлийн шууд дамжуулалт ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс татгалзахыг зөвлөж байна.
Мөн уг төрлийн шууд дамжуулалт хийж буй цахим хаягийг хаах, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг анхааруулж байна.
