2026 оны нэгдүгээр, хоёрдугаар сард олон жилийн дунджаар цас орох төлөвтэй байна

2026-01-06 18:011min
20260106-180135-file.jpeg
2026 оны эхний хоёр сард Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджаар цас орох бөгөөд баруун аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Зүүн аймгууд харьцангуй тогтвортой байна.

Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр, хоёрдугаар сард олон жилийн дунджаар цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг болон Орхон Сэлэнгийн сав газарт -24-34 градус, Увс нуур Дархадын хотгороор -30-33 градус, Алтай говь болон говийн бүс нутгаар -12-18 градус, бусад нутгаар -18-24 градус хүйтэн байх төлөвтэй байна. Төвийн ихэнх нутгаар, зүүн болон говийн аймгуудын зүүн хойд хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн байх бол баруун өмнөд хэсгээр дулаан, бусад нутгаар дундаж орчим температуртай байх юм.

Хур тунадасны хувьд Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2-4 мм цас ордог ба 2026 оны нэгдүгээр сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бага хур тунадас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард олон жилийн дундаж температур Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -22-28 градус, Алтай, Говь болон говийн аймгуудын нутгаар -8-14 градус, бусад нутгаар -14-22 градус хүйтэн байна. 2026 оны хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-4 мм, бусад нутгаар 0-2 мм цас ордог бөгөөд нийт нутгаар олон жилийн дунджаар цас орох төлөвтэй байна.

Өвөлжилтийн хувьд баруун аймгуудын нутгаар өвс бага ургасан, малын тоо толгой ихэссэнтэй холбоотойгоор өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Зүүн аймгуудын нутгаар өвөлжилт харьцангуй хүндрэлгүй, цасны хэмжээ олон жилийн дунджаас их байх ч өвөлжилтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалан мэдээлэв.

Мөн сар бүрийн 25-нд дараагийн сарын урьдчилсан төлөв гардаг бөгөөд 28-нд 2-4 сарын урьдчилсан төлөв гаргадаг ч нарийвчлал багатай тул ерөнхий төлөв байдлаар гардаг байна.