Монголбанкны гадаад валютын албан нөөц 7 тэрбум ам.долларт хүрэв

2026-01-06 16:011min
20260106-160144-file.jpeg
Монголбанкны гадаад валютын албан нөөц 2025 оны эцэст 7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнд Засгийн газар, Монголбанкны өрийн удирдлага, экспортын түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлжээ.

Монголбанкин дахь гадаад валютын албан нөөц 2025 оны эцэст 7 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 1 тэрбум ам.доллараар буюу 20 орчим хувиар нэмэгдсэн дүн юм.

Засгийн газар болон Монголбанкнаас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг амжилттай хийснээр өрийн удирдлага сайжирч, валютын албан нөөц өсөхөд нөлөөлжээ. Мөн экспортын голлох түүхий эд болох зэс, алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн есдүгээр сараас эрчимтэй өсөж байгаа бөгөөд үүний нөлөөгөөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш бага багаар суларч байна.

Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлд зааснаар Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэгтэй.

Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт, бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар төлөгдөх вексель, гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан үнэт цаас болон бусад олон улсын хэмжээнд тооцогдох активуудаас бүрддэг.