Соёлын төв өргөөний барилгыг нурааж, 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ

Нийслэлийн Засаг даргын удирдамжаар Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг даалгаврыг эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайд өгчээ.
Уг үүрэг даалгавар нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн 12 үүрэг даалгаврын нэг хэсэг юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, төслийн танилцуулга одоогоор хийгдээгүй бөгөөд энэ талаар мэдээлэл өгөх хүн байхгүй байна. Харин Т.Даваадалай орлогч нь 12 дугаар сарын 30-ны шуурхай хуралд оролцоогүй тул үүрэг даалгаврын талаар мэдээлэл аваагүй гэжээ.
Мөн энэ онд нийслэлийн төсөвт Соёлын төв өргөөний хөрсний ус зайлуулах, барилгын их засвар, тоног төхөөрөмжийн ажлын зардалд 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
