Татварын шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг 2.7 их наядаар бууруулах төсөл өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэхүү хуулийн төсөлд иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг нийт 2.7 их наядаар үе шаттай бууруулах тооцоолол багтсан байна.
Тодруулбал, иргэдийн НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр бууруулах бөгөөд аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр бууруулах юм.
Хуулийн төсөлд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгох, хариуцлагатай татвар төлөгчдөд НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэл сар хойшлуулах боломж олгох зэрэг зохицуулалтууд багтжээ.
Мөн хил дээр импортын НӨАТ-ыг шууд хураахгүйгээр хоёр сарын дараа төлөх боломжийг бий болгох, тайлангаа хоёр жилийн хугацаанд залруулах эрх олгох зохицуулалт тусгагдсан байна.
Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж, 1 хувийн орлогын татвар төлдөг босгыг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн 6-аас 10 тэрбум төгрөгийн ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулах, 1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү хуулийн төслийг 176 мянга гаруй иргэдийн санал дээр үндэслэн боловсруулсан байна.
