Согтуугаар жолоодсон жолооч нарын эсрэг 25 гэмт хэрэг илэрчээ

2026-01-05 12:001min
20260105-120041-file.jpeg
Цагдаагийн байгууллага 2026 оны эхний таван хоногт согтуугаар жолоодсон 25 гэмт хэргийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

Цагдаагийн байгууллагаас 2026 оны эхний таван хоногт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 гэмт хэргийг илрүүлэн ажилласан байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр хариуцлага хүлээнэ.

Уг хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасах, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.