Монгол орны 74 хувьд цастай, 10 аймагт өвөлжилт хүндэрч байна

2026-01-05 09:001min
20260105-090033-file.jpeg
Монгол орны нийт нутгийн 74 хувьд цас бүрхүүл тогтсон бөгөөд 10 аймагт өвөлжилт хүндэрч, цагаан зудын нөхцөл үүссэн талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв.

Монгол орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч, цагаан зудын нөхцөл байдал үүсэж эхэлснийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

2025 оны төгсгөлд хийгдсэн хээрийн хэмжилтээр нийт нутгийн 74 хувьд цастай байгаа бөгөөд Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар цасны зузаан 30-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар багассан байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Сэлэнгийн Хушаат, Орхонтуул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус, Баянгол сумдад цагаан зудын нөхцөл үүссэн байна.

Мөн Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Баяннуур, Хангал, Рашаант, Гурванбулаг, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Орхон, Хонгор, Шарын гол, Дорнодын Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороотод цагаанаар зудархуу нөхцөл бүрдсэн байна.

Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна.

Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх магадлалтай гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.