2026 оноос хэрэгжих хууль, тогтоомжуудын товч танилцуулга

2026-01-01 11:001min
20260101-110049-file.jpeg
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгааллын салбарт олон хууль, тогтоомж хүчин төгөлдөр болно. Үүнд үндэсний баялгийн сангийн хууль, багш нарын цалингийн нэмэгдэл, ахмад настны тэтгэврийн өсөлт зэрэг багтжээ.

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт хамаарах хууль, тогтоомжууд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ. 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдсэн байна. Иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, нийт 175 мянган төгрөгийн хуримтлал үүссэн талаар мэдээлсэн.

Үндэсний баялгийн сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай бөгөөд хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг. Энэ сангийн хөрөнгө нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах юм. Иргэд хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг E-Mongolia цахим платформоор шалгах боломжтой.

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг суулгасан бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цалин 2.8 сая төгрөгт хүрнэ. Гэсэн хэдий ч боловсролын бусад ажилтнуудын цалин нэмэгдэхгүй байна. Цалинг нэмэгдүүлэхэд нэмэлт 400 тэрбум төгрөг шаардлагатай тул төсвийн хуулийн төслийг боловсруулж, зөвхөн багш нарын цалинг өсгөхөд анхаарчээ.

Ахмад настны тэтгэвэр 2026 оны нэгдүгээр сараас 80 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмад тэтгэвэр авагчдад хуваарилах хувилбарыг сонгосон бөгөөд 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан гэж мэдээлсэн.

Онцгой байдлын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиас 40 хувь болгож нэмэх Засгийн газрын тогтоол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг нас барсан тохиолдолд үр хүүхэд, хань ижилд өвлүүлдэг зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ.

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд хувь хүн 20 нэгжтэй, хуулийн этгээд 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах зохицуулалт бий. Нийслэлийн Засаг даргын 2025 оны захирамжаар тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн бөгөөд иргэдийн зөрчилтэй холбоотой санал, гомдол их байна.

Мөн Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон бөгөөд аймаг, нийслэлд 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцжээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх юм.