Улаанбаатар хотод ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлж байна

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн байна.
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, цаашдын арга хэмжээний талаар ярилцлаа.
Хотын дарга Х.Нямбаатар уулзалтын үеэр 2026 онд эхлэх бүтээн байгуулалтын төслүүдийн хүрээнд зам дагуу байрласан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага үүссэн талаар мэдээлэв. Тухайлбал, “Трамвай” төслийн барилга угсралтын ажил эхлэх бөгөөд мөн метроны бүтээн байгуулалт эхлэх тул үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг хэлэлцээрийн үндсэн дээр нүүлгэнэ гэдгийг онцлов.
ТҮЦ-ийг нүүлгэж байгаа нь нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөх шаардлагатай байгаатай холбоотой бөгөөд цаашид ТҮЦ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нийцсэн, стандартын шаардлага хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, бизнесийн шударга өрсөлдөөнд тохирсон шинэ хэлбэрт шилжих шаардлагатай гэж үзэж байна.
Дараагийн уулзалтыг ирэх нэгдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
