Улаанбаатар хотод такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

2025-12-29 08:301min
20251229-083038-file.jpeg
Улаанбаатар хотод такси үйлчилгээний салбар сүүлийн 10 жил шинэчлэл хийгдээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог байна. Одоогоор таван аж ахуйн нэгж 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхэлж байгаа ч сүүлийн 10 жилд такси үйлчилгээний салбарт шинэчлэл хийгдээгүй байна. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй систем бий болгох зорилготой төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан мэдээлснээр, нийтийн тээврийн салбарт автобус, такси багтдаг ч такси үйлчилгээ олон жил орхигдсон байна. Иргэдийн нийт зорчилтын 35 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг бөгөөд үүний 27 хувь нь автобусаар, 8 хувь нь таксигаар зорчдог байна. Ажил тарах цагаар такси олдохгүй байх асуудал тулгарч байгаа тул такси үйлчилгээг дэмжих зорилгоор ТЭЗҮ боловсруулж, такси үйлчилгээ эрхэлдэг таван аж ахуйн нэгжтэй уулзалт зохион байгуулжээ. Эдгээр аж ахуйн нэгж 100-1000 таксигаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэхгүй бол зах зээл хөгжихгүй, үнэ тариф тогтворжихгүй гэж үзэж байна.

Төсөлд хувийн хэвшил 74 хувийн санхүүжилт гаргах бөгөөд үлдсэн 26 хувийг буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаанд жил бүр 3.3 тэрбум төгрөгөөр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас эргэн төлөхөөр төлөвлөжээ. Одоогийн такси үйлчилгээ автомашины түрээс, лизингийн хэлбэртэй явагдаж, жолооч нарт эрсдэлтэй байгаа тул баазын системээр буюу хоёр ээлжийн жолоочтой, тогтмол цалинтай, даатгал төлдөг ажлын байрыг бий болгох зорилготой байна. ТЭЗҮ-д тусгагдсанаар 4573 хүн байнгын ажлын байртай болох боломжтой бөгөөд нийслэлд 4500-5000 такси үйлчилгээнд гарах боломжтой гэж судалжээ. Үүний 20 хувь буюу 1000 автомашиныг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулах юм. ТЭЗҮ-г НИТХ баталсан бөгөөд аж ахуйн нэгж, иргэдэд хэлэлцүүлэг зохион байгуулж, тендерийн журмаар төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, дахин НИТХ-д танилцуулах юм.

Мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ онд 33 сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон бөгөөд он дамнасан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хотын замын хөдөлгөөнд өдөрт 570-670 мянга орчим автомашин оролцдог бөгөөд Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил дуусах шатандаа байна. Нэг, хоёрдугаар тойрог замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих бөгөөд олон түвшний уулзваруудын ТЭЗҮ боловсруулж байна. Эдгээр авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор хотын зорчих хурд нэмэгдэж, төв зам дээрх түгжрэлийг бууруулах боломжтой болно. Мөн нийслэлийн замын хөдөлгөөнд ухаалаг камерын систем нэвтрүүлж, түгжрэл болон зөрчлийг хянах ажлыг хийж байна. Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт тавьжээ.