Улаанбаатар хотод ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлж байна

2025-12-29 09:001min
20251229-090032-file.jpeg
Улаанбаатар хот 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, авто замын түгжрэл бууруулах “Трамвай” төслийн газар чөлөөлөлтийг хийж байна. Хотын дарга ТҮЦ эрхлэгчидтэй хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн байна. Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлжээ. 2026 онд эдгээр бүтээн байгуулалтын төслүүдийн барилга угсралтын ажил үе шаттайгаар эхлэх юм. Тухайлбал, “Трамвай” төслийн хүрээнд зам дагуу байрласан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага үүссэн байна. Хотын дарга ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, хэлэлцээр хийхээ мэдэгдлээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Ирэх долоо хоногт ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, санал тавина. Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй үйлчилгээний төвүүдэд үнэ төлбөргүй талбай, ажлын байр гаргаж өгөх боломжийг судалж байна. Одоогоор нүүлгээгүй үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг албадан нүүлгэхгүйгээр хэлэлцээрээр шийдвэрлэхийг зорьж байна. Таван ТҮЦ өөрсдөө нүүсэн. ТҮЦ нүүлгэж байгаа нь “Трамвай” төслийн газар чөлөөлөлтийн шаардлагатай холбоотой. Нийслэлээс хоёрдугаар сарын 15-нд “Трамвай” төслийн тендерийг зарлаж, дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөсөн. Зарим газарт ТҮЦ-ээ нүүлгэх байршлыг зааж өгөх болно” гэж хэллээ.